МЭБЭЭНХ-НЫ ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮНИЙ МЭДЭЭЛЭЛ
МЭБЭЭНХ нь 2023 оны “ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ЦЭНГҮҮН” -ЭЭ 12 дугаар сарын 17-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Шинэ жилийн цэнгүүнийг МЭБЭЭНХ-ны Тэргүүн Ц.Үржиндэлгэр нээж, 2023 оны ололт амжилт, 2024 онд хийхээр төлөвлөсөн томоохон арга хэмжээг дурьдан, цэнгүүнд уригдан ирсэн Алдартан гавьяатууд, хүндэт зочид, гишүүн эмч нартаа амжилт бүтээл, эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөлөө.
Нээлтийн үгэнд хэлсэн 2023 оны амжилт бүтээлээ дурьдан тодруулвал:
- Парис хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо (FIGO)-ны их хуралд 19-үүлээ оролцож, 2 илтгэл хэлэлцүүлэн, FIGO-ийн удирдлагуудыг сонгоход албан ёсоор оролцож улсаа төлөөлөн санал өглөө.
- Ази далайн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо (AOFOG)-ноос зохион байгуулсан олон онлайн сургалтанд хамрагдаж дэлхийн нэрт эрдэмтэн профессоруудын лекцийг сонсон мэргэжил мэдлэгээ дээшлүүллээ.
- Олон эмч нар хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлэн төрийн дээд одон медалуудаар шагнуулсанаас ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Г.Дулмаа, нярайн эмч Д.Ганнасан, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч н.Цэрэнлхам, ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ы доктор Э.Амарсанаа нар МУ-ын Гавьяат эмч цолоор шагнуулсанд туйлын баяртай байна.
- “Эх барих судлал-Ололт хөгжил” сэдэвт чуулган зохион байгуулж олон эмч нарын илтгэл хэлэлцүүлж, шалгаруулж, шилдэг илтгэлүүдийг шагнаж урамшууллаа.
- “Эх нярай-Эсэн мэнд” сэтгүүлийн ээлжит дугаарыг гишүүн эмч нартаа зориулан гаргав.
- Холбооны алдартан Ардын эмч, Гавьяат эмч, доктор профессорууд “Би мэргэжилдээ хайртай” сэдвээр 8 цуврал лекц, Эрдэмтдийн 9 цуврал лекц цахимаар уншаад байна. Энэхүү цахим лекц нь эмч нарын таашаалыг хүлээсэн, бусад нийгэмлэг холбоодод үлгэр дуурайл болж байна.
- Эмч нарын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор, мөн эмнэлгийн байгууллага, орон нутгийн ЭМГ-ын захиалгаар нийтдээ 12 удаагийн танхимын сургалтуудыг олон чиглэлээр зохион байгуулсан байна. Сургалтанд АДЭБЭЭНХ болон Малайзын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгтэй хамтран онол практик хосолсон сургалт хийсэн нь онцлог байлаа.
- Мэргэшлийн зэргийн шалгалтыг амжилттай зохион байгуулж 2023 онд 38 эмч Ахлах зэрэгтэй, 2 эмч Зөвлөх зэрэгтэй болов.
- Эмч нарын мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн төслийг АДЭБЭЭНХ, Австралийг Засгийн газарт хандаж бичиж, шалгараад үйл ажиллагаа нь 2024 онд хэрэгжих болсоныг бахархалтайгаар мэдэгдэе.
Мөн НҮБХАС-ийн 2024-2027 онд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд 2024 онд хэрэгжүүлэх 3 чиглэлээр төсөл бичин шалгаруулалтын шатандаа явж байна.
- 2024 онд Бусан хотноо болох АДЭБЭЭНХ-ны Конгресст оролцох “Шилдэг залуу эмч” 3-ыг шалгаруулан холбогдох материалыг илгээгээд байна. Мөн тус конгресст манай гишүүн 6 эмч лекц уншихаар тэнцэн бэлтгэлээ хангаж байгааг дуулгахад таатай байна.
Шинэ жилийн баярын цэнгүүнд МУ-ын Ардын эмч, Зөвлөх эмч, клиникийн профессор Б.Бүлтэн, МУ-ын хүний Гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор, МАУА-ийн гишүүн Т.Эрхэмбаатар, МУ-ын хүний Гавьяат эмч, АУ-ы доктор, дэд профессор Д.Дариймаа, МУ-ын Гавьяат эмч, Клиникийн профессор Б.Цэдэнхорол, П.Сагараажав, Ж.Оюунцэцэг нар, Холбооны зөвлөх Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан И.Даваадорж, Холбооны Хүндэт тэргүүн АУ-ы доктор Г.Пүрэвсүрэн, Хүндэт тэргүүн АШУ-ы магистр, Зөвлөх зэргийн эмч Б.Цэдмаа нар оролцлоо.
Мөн цэнгүүний арга хэмжээнд 2023 онд төрийн дээд шагнал МУ-ын хүний Гавьяат эмч цолоор шагнагдсан АУ-ы доктор Хавдар судлалын Үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Амарсанаа, ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн Зөвлөх эмч асан Г.Дулмаа, ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн нярайн эмч асан Д.Ганнасан нар уригдан оролцсон бөгөөд Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд гавьяатууддаа хүндэтгэл үзүүллээ.
МЭБЭЭНХ нь жил бүр уламжлал ёсоор Холбооны нэрэмжит оны “Шилдэг салбар зөвлөл”, “Шилдэг эмч”, Ардын эмч, Гавьяат эмч нарын нэрэмжит шагналын номинацид нэр дэвшигчдийг шалгаруулан цэнгүүний үеэр энэхүү шагналуудыг гардуулав.
Холбооны нэрэмжит оны “Шилдэг салбар зөвлөл”-өөр Улаанбаатар хотоос “Интермед” эмнэлгийн салбар зөвлөл, орон нутгаас Өмнөговь аймгийн салбар зөвлөл, “Шилдэг эмч”-ээр ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн Зөвлөх эмч Ч.Мөнхбаяр тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
МУ-ын Ардын эмч, зөвлөх эмч, клиникийн профессор Б.Бүлтэнгийн нэрэмжит “Шилдэг залуу мэс засалч” эмчээр ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн эмч Б.Чинзориг, ЭНЭҮТ-2-ын эмч Б.Батсайхан нар, МУ-ын Хүний гавъяат эмч, АШУ-ны доктор, профессор, МАУА-ийн гишүүн Т.Эрхэмбаатарын нэрэмжит “Шилдэг эмч-судлаач”-аар Өргөө амаржих газар ТМЭ-ийн эмч У.Халиун, МУ-ын Хүний гавъяат эмч, АУ-ы доктор, дэд профессор Д.Дариймаагийн нэрэмжит “Шилдэг эмч” шагналын эзнээр ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн НҮЭМ-ийн зохицуулагч Н.Сансар нар тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.
Монголын Залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол, тэмдгээр ЭНЭҮТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ж.Оюунцэцэг, Хүрээ амаржих газар ТМЭ-ийн зөвлөх эмч Б.Гантөгс, ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн зөвлөх эмч асан С.Энхжаргал нар, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр Интермед эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч А.Мөнхтулга шагнагдлаа.
2023 оны “Шинэ жилийн цэнгүүн”-ийг хамтран зохион байгуулсан Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Салбар зөвлөлийн удирдлага, хамт олонд, цэнгүүнд оролцсон Алдартан, гавьяатууд, эрдэмтэн багш нар, гишүүн эмч нартаа талархал илэрхийлье.
Манай холбооны сайхан уламжлал – салбар зөвлөлүүд ээлжлэн хамтран зохион байгуулдаг уламжлал ёсоор ирж буй 2024 оны шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулах үүрэгт ажлыг ЭНЭҮТ-ийн салбар зөвлөлийн хамт олон баяртайгаар хүлээн авч, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт, үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран буй шинэ оноо
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая
Цэнгүүний зургийн цомгоос …