“Ихэр жирэмсний эхо оношилгоо ба хяналт” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа
МЭБЭЭНХ-ны Хэт авиа болон Эх ургийн анагаах ухааны салбар хорооноос “ИХЭР ЖИРЭМСНИЙ ЭХО ОНОШИЛГОО БА ХЯНАЛТ” сэдэвт сургалтыг нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Холидэй инн зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Ихэр жирэмснийг эрт илрүүлэх, хянах, зөвлөгөө өгөх, хүндрэлээс сэргийлэх, эмчлэх орчин үеийн арга технологийн шинэчилсэн мэдлэг олгох, эхо оношилгоог сайжруулах, бэхжүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалтанд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын 80 гаруй эх барих эмэгтэйчүүдийн, дүрс оношилгооны эмч нар оролцсон. Баянхонгор, Сүхбаатар, Архангай, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нар оролцсон нь онцлог байлаа.
Сургалтанд Ихэр жирэмсэн өндөр эрсдэлт жирэмсэн болох нь, Нэг ба ихэр жирэмсний хөврөлийн эрт үеийн онцлог, Ихэр жирэмсний үе дэх ISUOG – эмнэлзүйн удирдамж, Хромосомын эмгэгийн илрүүлэг, Дутуу төрөх эрсдлийн илрүүлэг, сэргийлэлт, Ургийн хөгжлийн гажиг, Ургийн өсөлтийн саатал, Нэг ихэстэй нэг амнионтой ихэр жирэмсэн (MCMA), Нэг ихэстэй ихэр жирэмсний хүндрэл болох Ургаас урагт цус юүлэгдэх хамшинж (TTTS), ТАPS, TRAP, Ихэр жирэмсэн үеийн эмчилгээнд лазер эмчилгээ хийсэн тохиолдлын танилцуулга зэрэг сэдвүүдээр лекц уншин эмч мэрэгжилтнүүдээ шинэ мэдээллээр хангасан.
Олон улсын эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан нийгэмлэг (ISUOG-International Society of Ultrasound Obstetrics and Gynecology) -ээс гаргасан “Ихэр жирэмсний үеийн хэт авиан үзлэг, хяналтын удирдамж”-ийг манай улсад ашиглаж, хэрэгжүүлэхэд анхаарч, эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг давтамжтай зохион байгуулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэмээр байна.
Сургалтын үеэр жирэмсэн эмэгтэйд ихэр жирэмсний хэт авиан үзлэг оношилгоог шууд хийж, тайлбарласан нь оролцогч эмч нарт асууж ярилцах, мэдлэгээ бататгах, ур чадвар эзэмших шинэлэг арга боллоо.
Сургалтыг зохион байгуулахад ивээн тэтгэж, хамтран ажилласан МЭБЭЭНХ-ны удирдах зөвлөлийн гишүүд, холбооны идэвхтэй гишүүн эмч мэргэжилтнүүд болон Онош мед лаборатори, Cumlaude Lab, Medimpex, Shinjyuku Medical equipment, Inter Science, Тод дэлгэц мед эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье.