“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТЭНИЙ ӨВӨРМӨЦ БА ӨВӨРМӨЦ БУС ҮРЭВСЭЛТ ӨВЧНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ” СУРГАЛТ
МЭБЭЭНХ нь гишүүн, дэмжигч эх барих эмэгтэйчүүдийн эмч нарынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эх барих, эмэгтэйчүүд судлалын практикт гарч байгаа шинэ судалгаа, нотолгоог мэдээлэх, нэвтрүүлэх зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Холлидэй инн зочид буудлын хурлын танхимд “Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэний өвөрмөц болон өвөрмөц бус үрэвсэлт өвчний оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, ХӨСҮТ, Өргөө, Амгалан амаржих газар, АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхим, Төмөр замын төв эмнэлэг, Багануур, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг, Увс, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хот болон орон нутгийн хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 92 эх барих, эмэгтэйчүүдийн эмч, багш, мэргэжилтнүүд оролцсон.
Энэхүү сургалтанд Испани улсын Valencia хотын San Luis эрүүл мэндийн төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, АУ-ы доктор María Antonia Obiol Saiz болон Alicante хотын Vithas Medimar эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч АУ-ы доктор Dr Rocío Alvarez нар урилгаар оролцсон.
Сургалтанд АУ-ы доктор, дэд профессор Ч.Баттогтох “Микробиологийн ойлголт, Үтрээний орчин”, НЭМ-ийн магистр С.Нармандах “Бэлгийн амьдралын асуумж”, ШУ-ы магистр Б.Аюуш “Вульвовагинит”, АУ-ы доктор María Antonia Obiol Saiz “Бактериал вагинозын оношилгоо, эмчилгээ”, АУ-ы доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг “Нөхөн үржихүйн мөөгөнцрийн халдвар”, АУ-ы доктор Rocío Alvarez “Дахилтат үтрээний үрэвсэл, оношилгоо, эмчилгээ”, АУ-ы доктор, дэд профессор Б.Болорчимэг “Зонхилон тохиолдох вирусийн халдварууд”, АУ-ы доктор Б.Жүгдэржав “Бэлгийн замаар дамжих халдварт өвчин”, АУ-ы магистр Н.Идэрмөнх “Перинатал халдвар, оношилгоо эмчилгээний орчин үеийн чиг хандлага”, АУ-ы доктор Н.Нансалмаа “Эрэгтэйчүүдийн бэлэг эрхтэний үрэвсэл”, Prof. Jose Morales-Rosello, АУ-ы доктор Ц.Үржиндэлгэр “Жирэмсний 16 долоо хоногоос өмнө үтрээний хлоргексидин хэрэглэх нь дутуу төрөлтийн анхдагч сэргийлэлт PLUVA-1 судалгаа”, АУ-ы магистр У.Халиун “Аарцгийн хөндийн үрэвсэлт өвчин” сэдэвт илтгэлүүдийг тавилаа.
Энэхүү сургалтанд оролцогчид жирэмсэн, төрөлтийн хүндрэл ялангуяа дутуу төрөлт, амьгүй төрөлт, ураг, нярайн өвчлөл, эндэгдэл, мөн эхийн эндэгдлийн гол шалтгаан болдог эмэгтэйчүүдийн аарцгийн хөндийн эрхтэнүүдийн үрэвсэлт өвчин, зонхилон тохиолдох халдварууд, перинатал халдваруудын оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага, шинэ судалгаа, нотолгооны мэдээлэл авч, мэдлэгээ дээшлүүлсэн ач холбогдолтой сургалт болсон.
Сургалтын үйл ажиллагааг ивээн тэтгэж, хамтран ажилласан Грийн Гэйт интернэйшнл компанийн CUMLAUDE LAB брэндийн хамт олонд талархал илэрхийлье.