ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
МЭБЭЭНХ-НЫ VII ХУРАЛ: “ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛ – ОЛОЛТ, ХӨГЖИЛ”
ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ
Монголын Эх Барих Эмэгтэйчүүдийн Эмч Нарын Холбоо 1989 онд байгуулагдсан олон жилийн түүхтэй, Монгол улсын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарыг эгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага билээ. Бидний хамтын хөгжлийн чухал хэсэг эрдэм шинжилгээ, судалгааны ажил байдаг.
МЭБЭЭНХ нь 2018 оноос эхлэн эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулж ирсэн бөгөөд 7 дахь удаагийн хурлыг “Эмэгтэйчүүд судлал – Ололт, Хөгжил” сэдвийн дор 2024 оны 09 дугаар сарын 27-28-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөөд байна.
“Эмэгтэйчүүд судлал – Ололт, Хөгжил” хурал нь үндэсний хэмжээнд эмэгтэйчүүд судлалын салбарт сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаа, шинжилгээний бүтээлүүдтэй танилцах, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, туршлагаа солилцоход дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн эмч, судлаачдын хуримтлуулсан сайн туршлага, эрдэм шинжилгээ, судалгааны нотолгоонд тулгуурласан бодлого, удирдамж, ур чадвараар дамжуулан эмэгтэйчүүдэд тэгш, хүртээмжтэй, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болоход чиглэгдэнэ.
“Эмэгтэйчүүд судлал – Ололт, Хөгжил” эрдэм шинжилгээний хурал нь эмч, судлаачдад судалгааны ажлын үр дүн, шинэ санаачлагыг мэргэжил нэгтнүүдтэй хуваалцах боломжийг олгох ба шилдэг судалгааны илтгэлүүд нь “Эх нярай – эсэн мэнд” сэтгүүлийн тусгай дугаарт хэвлэгдэн гарах юм.
Судалгааны илтгэл илгээх заавар
I.Сэдвийн чиглэл:
- Эмэгтэйчүүд судлал (эмнэлзүйн болон нийгмийн эрүүл мэндийн судалгаанууд)
II. Илтгэлд тавигдах шаардлага:
2.1. Илтгэлийг Монгол хэл дээр Microsoft Word програм дээр бичигдсэн байна
2.2. Илтгэл нь А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр хуудасны дээд доод талаас 3 см, баруун, зүүн талаас 2.5 см зайтай, Arial фондоор, үсгийн өндөр 11 хэмжээтэй, мөр хоорондын зай Single хэмжээтэй бичнэ. Хуудсыг дугаарлахгүй байх.
2.3. Илтгэлийн хураангуйг Англи хэл дээр орчуулсан байна. Англи хураангуй (Title, Author listwith affiliation, Abstract: Keywords, Background, Methods, Results, Conclusions) 200 хүртэлх үгэнд багтаасан байна.
III. Илтгэл дараах бүтэцтэй байна:
3.1. Илтгэлийн нэр
3.2. Судлаачдын нэрс, албан байгууллагын харъяалал
3.3. Илтгэлтэй холбоотой холбоо барих судлаачийн утас, email хаяг
3.4.Түлхүүр үг (3-5 үг хэрэглэж бичнэ)
3.5. Үндэслэл хэсэг- Судалгааны үндэслэл, дэвшүүлж буй гипотезис, таамаглаж буй үр дүнг багтаасан байна)
3.6. Судалгааны зорилго, зорилт, шинэлэг байдал, ач холбогдол
3.7. Судалгааны арга, аргачлал
3.8. Судалгааны үр дүн
3.9. Хэлцэмж (дүгнэлтийг хэлцэмжтэй хамтатган хэлэлцүүлэг байдлаар бичсэн байж
болно)
- Талархал
- Ном зүй
IV.Илтгэл тавих хэлбэр
4.1. Аман илтгэл
4.2. Ханын илтгэл
“Эх нярай – Эсэн мэнд” сэтгүүлд хэвлэгдэх илтгэлүүд сэтгүүлийн редакцийн зөвлөлөөр хянагдаж, зөвлөмж өгнө. Эмч, судлаачид өгсөн зөвлөмжийн дагуу засварыг хийж, илтгэлээ ажлын албанд дахин ирүүлнэ. Илтгэл сэтгүүлд хэвлэгдэх шаардлага хангасан эсэх тухай хариуг холбооны ажлын албанаас эмч, судлаач бүрт мэдэгдэх болно.
Илтгэлийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор МЭБЭЭНХ-ны ажлын албаны [email protected], [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.
V. Илтгэлийн шалгаруулалт:
5.1. Илтгэлийн шалгаруулалтыг ажлын хэсэг зохион байгуулна.
5.2. Аман болон Ханын илтгэл тус бүрт I, II, III байр эзлүүлэх ба шалгарсан илтгэлүүдэд мөнгөн шагнал олгоно.
5.3. Орон нутгийн эмч нараас аман болон ханын илтгэлээр I, II, III байр эзэлсэн тохиолдолд онол практикийн хуралд биечлэн оролцох илтгэгчийн замын зардлын тэтгэмжийг дараах шаардлага хангасан оролцогчид олгоно. Үүнд:
- МЭБЭЭНХ-ны гишүүн
- Илтгэл нь байр эзэлсэн /аман болон ханын илтгэл/
- Орон нутгаас оролцогч
- 1 илтгэгч
5.5. Аман болон Ханын илтгэлээр байр эзэлсэн 1 илтгэгч (байр тус бүрт) -ийг хурлын бүртгэлийн хураамжаас чөлөөлнө.