“Жирэмсний хяналтыг сайжруулах нь” сэдэвт нүэм-ийн үндэсний II зөвлөгөөний тухай
“Жирэмсний хяналтыг сайжруулах нь” сэдэвт НҮЭМ-ийн Үндэсний II зөвлөгөөнийг 2019 оны 5 дугаар сарын 02-03 ны өдрүүдэд ЭМЯ-тай хийсэн гэрээний дагуу Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа. Тус Үндэсний зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн газар, төвийн дарга, эх барих, эмэгтэйчүүд болон анхан шатны тусламж хариуцсан мэргэжилтэн, амаржих газар, төрөх тасгийн эмч, өрх, сумын ЭМТ, жирэмсний хяналтын кабинетын эмч, эх баригч, АШУҮИС-ын эх барих, эмэгтэйчүүд судлал, сувилахуйн сургуулийн эх барихуйн тэнхимийн багш зэрэг 150 эмч, мэргэжилтэн оролцлоо. Тэдний дунд МУ-ын ардын эмч Б.Үйлст, хүний гавьяат эмч Б.Бүлтэн, Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө, хүний гавьяат эмч, ШУ-ны доктор профессор Т.Эрхэмбаатар, хүний гавьяат эмч Д.Дайриймаа, С.Хишгээ, Ш.Энхтөр, НҮБХАС-ийн зөвлөхөөр ажиллаж байсан АУ-ны доктор Х.Энхжаргал, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн Б.Чулуундолгор нар байлаа.
Үндэсний зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл нээж хэлсэн үгэндээ жирэмсний хяналтыг сайжруулах нь эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, тус зөвлөгөөнөөс гарах зөвлөмжийг хэрэгжүүлэхэд ЭМЯ онцгойлон анхаарах болно гэв. НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, хатагтай Каори Ишикава үг хэлэв. Зөвлөгөөнд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Бямбадорж, нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, ДЭМБ-ын ажилтан В.Дэлгэрмаа, Увс аймгийн Баруунтуруун сумын эмч Д.Анхбаяр, Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, нийслэлийн Налайх дүүргийн засаг даргын орлогч Г.Анхбаяр нарын 15 хүн илтгэл тавьж хэлэлцүүлэв. Зөвлөгөөнд оролцогсод жирэмсэн ба төрсний дараах хяналтын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар бүлгээр ажиллав. Үндэсний зөвлөгөөнөөс зөвлөмж гаргав. Зөвлөгөөний зохион байгуулалт сайн болсон гэж үнэлэгдлээ.