“ЭХ БАРИХ СУДЛАЛ-ОЛОЛТ, ХӨГЖИЛ” ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МЭБЭЭНХ нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Холлидэй Инн зочид буудлын хурлын танхимд “ЭХ БАРИХ СУДЛАЛ-ОЛОЛТ, ХӨГЖИЛ” чуулганыг амжилттай зохион байгууллаа. Чуулганд ЭМЯ, Ази далайн эх барих, эмэгтэйчүүдийн холбоо (АДЭБЭЭНХ), Малайз улсын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг (ЭБЭЭНН)-ийн төлөөлөгчид болон АШУҮИС, Улаанбаатар хот, аймгуудын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, БОЭТ, нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөлөл бүхий 100 гаруй эрдэмтэн, судлаач, эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар оролцож, эх барихын салбарт шинээр нэвтэрч байгаа инновацийн шинэ нотолгоонууд, илтгэлүүдийг хэлэлцэж, мэдлэг, туршлагаа солилцлоо.
Энэхүү чуулганд АДЭБЭЭНХ-ны ерөнхий нарийн бичгийн орлогч дарга, АУ-ы доктор, профессор Кришненду Гупта, Эх ургийн анагаах ухаан (ЭУАУ)-ы мэргэжилтэн Майкл.Х-аар ахлуулсан Малайз улсын ЭБЭЭНН-ийн эрдэмтэн, судлаач эмч, сургагч багш нар оролцсон нь эх барих судлалаар олон улсын хэмжээнд түвшинд хийгдэж буй судалгаа, шинжилгээ, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт аргаас суралцах, туршлага солилцох боломжийг олгосноороо онцлог байлаа.
Чуулганы нээлтэнд МЭБЭЭНХ-ны Тэргүүн Ц.Үржиндэлгэр, ЭМЯ-ны Нийтийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, АДЭБЭЭНХ-ны ерөнхий нарийн бичгийн орлогч дарга профессор Кришненду Гупта нар оролцож, чуулганд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ.
Чуулганы үйл ажиллагааны эхний хэсэг зочин профессорууын илтгэлүүдээр эхэлсэн бөгөөд МУ-ын Хүний гавьяат эмч, клиникийн профессор, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч, МЭБЭЭНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн С.Хишгээ “Эх барихын шилжилт ба Монгол Улсын байдал”, АДЭБЭЭНХ-ны ерөнхий нарийн бичгийн орлогч дарга, АУ-ы доктор, профессор Кришненду Гупта “Кесар мэс заслын тулгамдсан асуудлууд ба тусламжийн тэгш бус байдал”, АДЭБЭЭНХ-ны Хэт авиа судлалын салбар хорооны дарга Вүүн Хи “Преэклампсийн судалгааны шинэ нотолгоонууд” илтгэлүүдийг тавьсан.
Чуулганы 2 дугаар хэсэг болох Шинэ нотолгоо, судалгааны хүрээнд Малайзын ЭБЭЭНН-ийн ЭУАУ-ы мэргэжилтэн Майкл.Х “Ихэр жирэмсний асуудалд”, АУ-ы доктор О.Баянжаргал “Кесар хагалгааны дараах төрөх замын төрөлт”, МЭБЭЭНХ-ны гүйцэтгэх захирал АШУ-ы магистр С.Нармандах “Жирэмсний цус багадалт ба хоол тэжээлийн байдал, үнэлгээний дүн”, Малайзын ЭБЭЭНН-ийн ЭУАУ-ы мэргэжилтэн Л.Хи “Хүндрэлтэй кесар мэс засал”, ЭХЭМҮТ-ийн Дэд захирал АУ-ы доктор Д.Энхмаа “Монгол улсын Кесар мэс заслын хандлага сүүлийн 10 жилд”, Эмгэг судлалын үндэсний төвийн эмч Г.Ганхүү “Ураг орчмын шингэнээр үүссэн эмболийн эмгэг судлалын оношилгооны асуудалд”, МЭБЭЭНХ-ны Тэргүүн, АУ-ы Доктор Ц.Үржиндэлгэр “Ихэс түрүүлэлт, ихэс шигдэлтийн хэт авиан шинжилгээ” илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлсэн.
“ЭХ БАРИХ СУДЛАЛ-ОЛОЛТ, ХӨГЖИЛ” чуулганыг зохион байгуулах ажлын хүрээнд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас 20 гаруй судалгааны илтгэлийг хүлээж авч эхний шатны шалгаруулалтыг хийж, 6 илтгэлийг чуулганаар хэлэлцүүлж байр эзлүүлсэн юм. Энд Интермед эмнэлгийн эмч М.Энх-Ундрал нарын “Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд “Групп В стрептококк”-ийн халдвар, түүний үр дагаварууд, антибиотик мэдрэг чанарыг судалсан нь” илтгэл Тэргүүн байрыг, ЭХЭМҮТ-ийн эмч Г.Сансар нарын “Жирэмсний эхний 3 сарын нийлмэл илрүүлгийн үр дүн, илтгэл Дэд байр, Гурван гал эмнэлгийн эмч Б.Жавзандулам нарын “Төрөлтийн үеийн ургийн толгойн доошлолтыг хярзангийн хэт авиан шинжилгээгээр үнэлэх нь” илтгэл Гутгаар байранд, Өргөө Амаржих Газар ТМЭ-ийн эмч У.Халиун нарын “Умайн сорвины дефект ба сорвины жирэмсэн”, Влабур эмнэлгийн эмч, АУ-ы магистр Б.Азжаргал нарын “Ургийн Дауны хам шинжийн илрүүлэгт цусны ийлдэсний Аполипопротейн Е уургийн ач холбогдлыг үнэлэх нь”, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Сувдмаа нарын “Говь-Алтай аймгийн кесар мэс заслаар шийдвэрлэсэн төрөлтийн байдал” илтгэлүүд тусгай байранд шалгарч МЭБЭЭНХ-ны батламж, мөнгөн шагналаар шагнагдсан. Эмч судлаачдын илтгэлүүд МЭБЭЭНХ-оос эрхлэн гаргадаг “Эх нярай- Эсэн мэнд” сэтгүүлийн 2023 оны шинэ дугаарт хэвлэгдэн гарсан.
Эмч, судлаачдын судалгааны бүтээл, илтгэлүүдээс харахад манай улсын эх барих судлалын салбарт хийгдэж байгаа судалгаа, шинжилгээнүүд олон улсын анагаах ухааны ололт хөгжил, нотолгоо, шинжилгээтэй мөр зэрэгцэн хөгжиж байгааг онцлон хэлмээр байна.