МЭБЭЭНХ нь Олон улсын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны гишүүн боллоо.
МЭБЭЭНХ нь FIGO (International Federation of Gynecology and Obstetrics)-д элсэх шалгуурыг ханган 2022 оны 3 дугаар сард албан ёсны гишүүн боллоо.
FIGO нь дэлхийн өнцөг булан бүр дэх 130 гаруй эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоог эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн байгууллага юм.
Алсын хараа нь дэлхийн эмэгтэйчүүд биемахбод, сэтгэц, нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэндийн хувьд боломжит хамгийн өндөр стандартад нийцэж, амьдралынхаа туршид сайн сайхан байдлаа хадгалахад чиглэсэн. Үүндээ хүрэхийн тулд сургалт, судалгаа, сурталчлан таниулах, чадавхийг бэхжүүлэх гэсэн 4 тулгуур үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Гишүүн нийгэмлэг, холбоогоо боловсрол, сургалтын үйл ажиллагаагаар хангаж, нөөц бололцоо муутай улс орнуудад удирдлагыг бэхжүүлэх, сайн туршлагуудыг орчуулж, түгээх, бодлогын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих зэргээр чадавхиа бэхжүүлэхэд нь анхаардаг.
FIGO нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай албан ёсны харилцаа холбоотой, НҮБ-д зөвлөх статустай ажилладаг байгууллага юм.
МЭБЭЭНХ нь FIGO-д гишүүнээр элсэн үйл ажиллагаанд нь хамрагдах, мэдээлэл сургалт сурталчилгааг хүртэх, хурал семинарт хөнгөлөлттэй оролцох зэрэг боломжууд нээгдэж байгаад баяртай байна.