
“Бэлгийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээ” сургалт зохион байгуулагдав.
ДЭМБ, НҮБХАС-гаас жендерт суурилсан болон бэлгийн хүчирхийллийг бууруулах, өртөгсдөд үзүүлэх тусламж үйлчилгээний бэлэн байдлыг дээшлүүлэх, эмч мэргэжилтнийг сургаж, мэргэшүүлэх удирдамжуудыг боловсруулан улс орнуудад өөрийн нөхцөл байдалд тохируулан нутагшуулан хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна.Үүний дагуу ЭМЯ, НҮБХАС-тай хамтран ЖСХ-д эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээний бэлэн байдлын үнэлгээ хийж, салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлсон.
Монголын Эх Барих,Эмэгтэйчүүдийн Эмч нарын Холбоо нь НҮБХАС-ын дэмжлэгтэйгээр 2025 оны 12 дугаар сарын 18–20-ны өдрүүдэд төгсөлтийн дараах сургалт эрхэлдэг байгууллагуудын резидентийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд ДЭМБ-ын удирдамжийн дагуу хүчирхийлэлд өртөгсдөд эмнэлзүйн чанартай, цогц тусламж үзүүлэх асуудлыг тусгах, сургагч багш бэлтгэх ээлжит сургалтыг АШУҮИС-ийн багш нарт амжилттай зохион байгууллаа. АШУҮИС-ийн багш хөгжлийн төвийн сургалтын танхимд зохион байгуулагдсан энэхүү сургалтын нээлтэнд АШУҮИС-ийн Багш, оюутны хөгжлийн газрын дарга С.Хандмаа, Монгол дах НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Б.Цэдмаа, МЭБЭЭНХ-ны тэргүүн Д.Өнөржаргал нар оролцов.
Сургалтаар жендерт суурилсан болон бэлгийн хүчирхийллийн талаарх ойлголт, эрх зүйн орчин, хүчирхийллийн эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн үр дагавар, анхны дэмжлэг үзүүлэх LIV(ES) аргачлал, таниулсан зөвшөөрөл авах, биеийн үзлэг, пиктограмм хөтлөх, баримтжуулалт, нотлох баримт цуглуулах, жирэмслэлт болон бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх, мөн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламжийн онцлог зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг онол, дадлага хосолсон хэлбэрээр сургалтанд хамрагдсан багш, эмч нарт хүргэсэн. Тус сургалтыг эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хууль, жендерийн чиглэлээр мэргэшсэн туршлагатай сургагч багш нар удирдан явуулж, сургалтын төгсгөлд оролцогчдод гэрчилгээ гардууллаа.






