Мэргэшлийн зэргийн шалгалтандаа эртнээс бэлдэцгээе

Эрүүл мэндийн яамны шийдвэрээр жил бүрийн хавар эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ) мэргэжлийн нийгэмлэг холбоод, мэргэжлийн салбар зөвлөлүүдтэй хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтэн сувлагч нараас төрөлжсөн мэргэжил тус бүрээр зэргийн шалгалтыг батлагдсан заавар, журмын дагуу авч тэнцсэн эмч, мэргэжилтнүүдэд сайдын тушаалаар баталгаажсан “Зэргийн үнэмлэх” олгодог билээ. Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа нь эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, үнэлэх, баталгаажуулахад чиглэгдсэн чухал арга хэмжээ юм.
 
Эрүүл мэндийн сайд, БШУ-ны сайдын 2013 оны хамтарсан 491/472 тоот тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох тухай” журмыг одоо мөрдөж байна.
 
Мэргэжлийн зэрэг нь ахлах, тэргүүлэх, зөвлөх гэсэн 3 шатлалтай бөгөөд зэргийн шатлал алгасуулж олгодоггүй. Мэргэжлийн зэрэг  хоорондох шатлал 5 жил ба түүнээс дээш жил байна гэж заасан.
 
Мэргэжлийн зэрэг олгох нийтлэг шалгуурыг сайдын тушаалаар баталсан журмаар баталгаажуулна.
 
Үүнд :
 
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх, тухайн мэргэжлээрээ ахлах 8, тэргүүлэх 13, зөвлөх 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан, тухайн мэргэжлээрээ төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн байх, ёс зүй болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх зэргийг бүрэн биелүүлсэн байна.
 
Энэ журамд мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг ЭМЯ, болон ЭМХТ-өөс мэргэжлийн зэрэг олгох шалгалт явуулах эрх авсан мэргэжлийн нийгэмлэг, холбоо болон мэргэжлийн салбар зөвлөл зохион байгуулдаг.
 
Харин тусгай шалгуурыг тухайн мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбоод хамтран мэргэжлийн онцлогийг харгалзан гаргадаг.
 
Тусгай шалгуур үзүүлэлтэд: Мэргэжлийн түвшинд эмчилгээ, үйлчилгээний удирдамж, стандарт гаргасан, судалгаа шинжилгээний ажил хийсэн, суралцсан багц цагаа биелүүлсэн, мэс заслын бүх техникийг бүрэн эзэмшсэн, мэргэжлийн эмчийг дагалдуулан сургасан, сургалтанд багшилдаг, сургалт, конференц, зөвлөгөөн зохион байгуулж удирддаг байх зэрэг шалгууруудыг хангасан байх шаардлагатай.
 
Дээрх ажил тус бүрдээ баталгаажсан байх шаардлагатай бөгөөд олон удирдамж, стандарт боловсруулсан, илтгэл тавьсан, эмч дагалдуулан сургасан гэж бичсэнээр биш зөвхөн баримтжуулж баталгаажсан эсэхийг харгалзан шалгалтад орох тусгай шалгуур хангана гэдгийг анхаарах хэрэгтэй.
 
Мэргэжлийн зэрэг горилох мэргэжилтэнд тавигдах нийтлэг болон тусгай шалгуур нь ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргээр ялгаатай байдаг.
 
Шалгалтыг онол болон дадлага шалгалтаар авах бөгөөд онолын шалгалтанд 85 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн эмч мэргэжилтэн дадлага шалгалтанд орно. Дадлага шалгалтанд мөн 85 ба түүнээс дээш амжилт үзүүлж тэнцэнэ.
 
Тухайн байгууллагаас зэргийн шалгалтанд орох мэргэжилтэн, түүний бэлдсэн материалыг хурлаараа хэлэлцэн, тодорхойлолт гаргаж, зэргийн шалгалт авах эрх бүхий мэргэжлийн нийгэмлэг, холбоод, салбар зөвлөлд хүргүүлэх, шалгалтанд орох мэргэжилтэн эмч нарт байгууллага ажлыг нь зохицуулах, дэмжлэг үзүүлэх ажлыг хариуцна.
 
Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл, зэргийн шалгалт авах комисс 2016 онд хуучин тусгай шалгуур үзүүлэлтэд дараах өөрчлөлтийг оруулан шалгалт авсан болно. Үүнд: дадлага шалгалтанд амбулатори, поликлиник, сум, сум дундын эмнэлэгт 8 жилээс дээш олон жил эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажилласан эмч өөрийн сонголтоор заавал мэс засал хийж бус тохиолдолд суурилсан аргаар шалгалт өгч болно.
 
2016, 2017 онуудад тохиолдолд суурилсан гардан шалгалтыг нийт  11 эмч өгөөд байна.
 
Одоо мөрдөгдөж байгаа журмаар зөвлөх зэрэгт заавал докторын зэрэгтэй эмч орох тухай заасан байдаг. Бид үүнийг өөрчлөх талаар удаа дараалан санал гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
 
Мэргэжлийн зэргийн шалгалтыг жил бүрийн 4-р сарын 15-аас 5-р сарын 15-ны дотор зохион байгуулдаг. ЭМЯ-ны шийдвэрээр МЭБЭЭНН эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын мэргэжлийн зэргийн шалгалтыг зохион байгуулан явуулж байна. 2017 онд эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зэрэгт 39,  тэргүүлэх зэрэгт 7 нийт 46 эмч материал бүрдүүлж өргөдлөө өгснөөс материал дутуу бүрдүүлсэн, бусад шалтгааны улмаас 3 нь хасагдаж  43 эмч шалгалтанд орж амжилттай зэрэг хамгаалсан болно.
 
Мэргэжлийн зэргийн шалгалтанд орох эмч, мэргэжилтнүүд онолын хувьд нийтлэг болон тусгай шалгуурын үзүүлэлтийг биелүүлэх ажлыг одооноос эхлэн бэлдэх шаардлагатай.
 
Одоогоор мөрдөгдөж байгаа ЭМС, БШУСайдын 2013 оны 491/472 тоот тушаалаар батлагдсан журмыг уншиж танилцах хэрэгтэй.  МЭБЭЭНН-ээс зэргийн шалгалтанд орох эмч нарын унших 33 номын нэрсийг гаргаж www.mfog.mn сайтад тавьсныг одооноос унших, нэмж унших номын жагсаалтыг удахгүй та бүхэнд хүргэх болно.
 
Сүүлийн жилүүдэд хэвлэгдэж гарсан “Эх барих, эмэгтэйчүүд судлалын сорилын эмхэтгэл” сорилын номнуудыг унших, тодруулах зүйлсийг АШУҮИС-ийн ЭБЭСТ-ийн багш нараас асууж болно.
 
Мэргэшлийн зэргийн шалгалт авах, бүртгэх хугацааны тухай, яамны шийдвэр, заавар, журамд өөрчлөлт орсон тухай бүрд та бүгдэд шуурхай мэдээллийг хүргэж байх болно.
 
Эмч нар зэргийн шалгалтад эртнээс бэлдэх хэрэгтэй. Зарим аймаг, эмч нарынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч эмч нараа зэрэг хамгаалуулахад идэвхтэй ажиллаж байгаа ч сүүлийн жилүүдэд нэг ч эмчээ зэргийн шалгалтанд оруулаагүй аймгууд бас байгаа тул цаашид анхаарах хэрэгтэй.
 
Мэргэжлийн зэргийн шалгалттай холбоотой асууж лавлах зүйл байвал доорх хаягаар хандана уу.
 
МЭБЭЭНН-ийн зөвлөх И. Даваадорж
 
Утас: 99186009; email:  idavaadorj@yahoo.com
 
МЭБЭЭНН-ийн нарийн бичгийн дарга
 
Ө. Гандолгор ; утас: 99994026
 
email:u_dolgor9@yahoo.com